[Өдрийн Сонин] Д.Ганхуяг: Хөлийн гол цэвдэгтэй байсан ч станц барихад асуудалгүй

- Саяхан Засгийн газар танай групптэй нийлээд дөрвөн ч том компани багтсан консорциумтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж тавдугаар цахилгаан станцыг хэн барих нь тодорхой бол лоо. Улаанбаатарчууд яг хэзээ тавдугаар цахилгаан станцтай болохоор байна?


- Наймдугаар сарын 26-нд манай консорциум Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Бидний хувьд улс төрийн шийдэл гарсан гэж ойлгож байгаа. Өмнө нь бол тавдугаар цахилгаан станц яг таг хэрэгтэй гэдэг дээр баттай шийдэл гарч өгөхгүй байсан. Улаанбаатарт Амгалангийн дулааны станц шиг хэд хэдэн дулааны станц босгож, уурхай дээр томоохон станцууд бариад асуудлаа шийдье гэх мэт янз бүрийн хувилбарыг олон улсын эскперт, дотоодын мэргэжлийн хүмүүс, инженерүүд олон сар ярьсан л даа. Үүний эцэст сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, нүүрсээр ажилладаг орчин үеийн дулааны цахилгаан станцыг хотдоо ойрхон барих нь зөв юм гэсэн шийдэлд хүрсэн. Энэ бол улст өрийн маш том шийдвэр болсон. Цахилгаан станц барина гэдэг нэг орон сууц барихтай адилгүй. Олон улсын стандартаар бол энэ хэмжээний станцыг нөхцөл байдлаасаа хамаараад 3-5 жилийн хугацаанд барьдаг туршлага бий. Станц барих газар маань өөрчлөгдсөн. Тэр газартаа бид нарийвчилсан судалгаа хийж амжаагүй байгаа. Сонгогдсон газрынхаа хөрсөн дээр өрөмдлөг хийж усны нөөц, үерийн байдал, цэвдэгтэй эсэх гээд бүгдийг шинжилж энэ газар дээр ийм станцыг ингэж барих юм байна гэсэн нарийн тооцоогоо гаргана.


- Таны яриад байгаа судалгаа хэр хугацаа шаардах вэ?


- Энэ намар бүх өрөмдлөг, судалгаануудаа хийгээд өвөл дүнгээ гаргана. Дараа жилийн хаврын эхэн үед нарийвчилсан судалгаа хийгдчих байх. Хөлийн гол дээр хөрсний судалгаанаас эхлээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийнэ. Олон үе шаттай, нарийн хийгддэг судалгаа. Манай гол хөрөнгө оруулагчид болох Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд байгаль орчны асуудал дээр маш нарийн ханддаг. Есдүгээр сарын дундаас эхлээд арваннэгдүгээр сараас өмнө төслийн талбартай холбоотой судалгаануудаа хийхээр ажиллаж байна. Ингээд тооцохоор 2017 оны эхээр тавдугаар цахилгаан станц ашиглалтанд орчих болов уу.


- Байгаль орчны яамнаас байгаль орчны ерөнхий үнэлгээг  Хөлийн гол дээр хийгээд дууссан гэж сонссон. Станц барих боломжтой гэж гарсан уу?


- Зарчмын хувьд болно, нарийвчилсан үнэлгээгээ хийгээд бидэнд  дүнгээ танилцуул гэсэн. Бид мэргэжлийн компаниар нарийвчилсан үнэлгээ хийлгэж байна.


- Хөлийн голын хөндий цэвдэгтэй, үер болох эрс дэлтэй гэж яриад байдаг. Станц барих газрын эрсдлийг төсөл хэрэгжүүлэгчийн хувьд юу гэж харж байгаа вэ?


- Хөлийн голыг Бааст гол ч гэж ярьдаг. Одоо бол зарим хэсэг нь урсаж байгаа. Зарим үед бүр ширгэчихдэг. Намайг хүүхэд байхад их устай гол байсан юм. Одоо барих гэж байгаа 33 га газар буюу төмөр зам, засмал замын хоорондох задгай талбай бол нэлээд боломжийн. Төмөр зам, засмал зам нь байна. Тээвэрлэлт барилгын ажилд тохиромжтой байршил. Гол хоёр асуудал бий. Эхнийх нь үерийн асуудал. Тэр газарт үертэй жил бол гурван талаас усны урсгал орж ирж усанд автах магадлалтай. Ийм учраас бид үер усны судалгаа хийх гэж байна. Олон жилийн хур тунадасны хэмжээ ямар байх, ус зайлуулах суваг шуудуу яаж хийх зэрэг  шийдэх, судлах асуудал нэлээд бий. Дараагийн нэг асуудал бол Хөлийн голыг цэвдэггэй байх магадлалтай гэж ярьдаг. Есдүгээр сард тэнд өрөмдлөг хийж цэвдгийг нарийн тог тооно.


- Ер нь цэвдэгтэй газар станц барих боломжтой юу?


- Практик, онол талаасаа болно гэж үздэг. Сибирт станц байж л байдаг. Зүүн өмнөд Азид усан дээр шахуу станцууд хэвийн ажиллаад явж байна. Гол нь энэ асуудал бидний үйл ажиллагаа, цаг хугацаа, зардалд яаж нөлөөлөх вэ гэдгийг л тогтоох гээд байгаа хэрэг.


- Тавдугаар цахилгаан станц эргэлдэгч буцламтгай давхар шатдаг технологиор ажиллана гэж байгаа. Энэ технологийн давуу талыг энгийнээр тайлбарлаач?


-Сүүлийн үеийн, сүүлийн жилүүдэд дэлхийд өргөн дэлгэрч байгаа дэвшилтэт  технологи. Хамгийн гол давуу тал нь түлш голдоггүй. Нүүрсийг уян хатан хэрэглэж болно гэсэн үг. Манай станцууд зөвхөн Багануурын, Шарын голын, Налайхын нүүрс  хэрэглэнэ гэдэг дээ. Харин бидний барих тавдугаар цахилгаан станцын хувьд нүүрсээ хольж хэрэглэж болно. Анх гэрээнд  дээр зааснаар бол нүүрснийхээ 70 хувийг Шивээ овоогоос, 30 хувийг Багануураас авах чиглэлийг цаанаасаа өгсөн байгаа. Багануур, Шивээ овоогийн нүүрсний уурхайтай гэрээ хийгээд таталт хийнэ гэсэн үг. Аль нэгнийх нь үйл ажиллагаа доголдоход нөгөө уурхайгаасаа таталт хийх зэргээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой. Энэ технологийн өөр нэг давуу тал нь засвар үйлчилгээ бага шаарддаг. Бас энэ технологиор хийгдсэн станцуудын найдвартай ажиллагаа өндөр байдаг. Станцын нэг чухал зүйл бол ашигт үйлийн коэффициент. Хэр ашигтай, тогтвортой, өндөр түвшинд үйл ажилагаа явуулж байна вэ гэдгийг хэмждэг хэмжүүр гээд ойлгочихож болно. Үүгээрээ их өндөр. Түлшээ бүрэн шатаадаг. Тодорхой шатаагүй хэсэг нүүрсийг буцааж хийгээд бүрэн шатааж болдог. Сүүлийн үеийн технологи гэдэг утгаараа бүрэн компьютержсэн. Энэ технологийн нэг давуу тал нь цахилгаан үйлдвэрлээгүй үедээ ч дулаан үйлдвэрлэх чадвартай. Хуучин технологийн хувьд турбин ажиллаад цахилгаан гаргаж байхад заавал дулаан ялгардаг байсан. Одоо манайд ажиллаж байгаа станцуудын ашигт үйлийн коэффициент 40 орчим хувь бол, тавдугаар станцын ашигт  үйлийн коэф- фициент нь 60 хувь. Нэг киловатт цагт хэр зэрэг түлш хэрэглэж байна гэдэг үзүүлэлт станцын эдийн засаг, үйл ажиллагаанд нөлөөлдөг. Энгийнээр бол тавдугаар станц нэг киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэхийн тулд гурав, дөрөвдүгээр станцаас 10-20 хувиар бага түлш хэрэглэнэ.


- Тавдугаар станц ус хэр хэрэглэх вэ?


- Тавдугаар станц 450 мегаваттын хүчин чадалтай. Гуравдугаар станцаас гурав дахин их хүчин чадалтай гэсэн үг. Гэтэл гуравдугаар станцтай харьцуулахад зургаа дахин бага ус хэрэглэнэ. Сүүлийн үед хотын саарал ус, хаягдал усыг цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтанд орно гэж байгаа. Хэрвээ тэр үйлдвэр ашиглалтад орчихвол тэндээс ус ашиглах боломжтой.


- Хаягдал үнсээ яаж шийдэх вэ?


- Энэ станцын бас нэг онцлог бол шохойн чулуу хэрэглэнэ. Манай станцууд зөвхөн нүүрс хэрэглэдэг шүү дээ. Шохойн чулуу хэрэглэхээр үнснээс гадна гипс гарна гэсэн үг. Шохойн чулуугаа нүүрстэй давхар хэрэглэнэ. Технологийн процесс нь ийм юм. Бидний хамтарч байгаа гадны туршлагатай компаниуд үнсийг ашиглах тал дээр маш сайн ажиллаж байгаа. Бидний харьцуулж буй дэлхийн олон орны ихэнх станцуудын хувьд үнс үлддэггүй. Барилгынхан, замынхан нь худалдаад авчихдаг. Шохойн чулууны гипсыг ч мөн авдаг. Бүгд барилгын, замын материал болчихдог юм байна. Мэдээж бид үнсэнд байгаа радиац зэргийг нарийн шинжилнэ. Тэгээд барилга, замын салбарыг хямд материалаар хангах боломжтой гэж үзэж байгаа.


- Улаанбаатарт агаарын бохирдол гэж хэцүү асуудал бий. Шинэ станц утаа хэр гаргах бол, утаанд агуулагдах хорт бодис энэ тэр нь одоо ажиллаж байгаа станцуудаас хэр бага байх бол?


- Цахилгаан станцын хувьд бидний нүдэнд харагдахгүй тоосонцор гэж бий. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Энэ станцын тоосонцрын хэмжээг дөрөвдүгээр станцтай харьцуулахад 500 дахин бага. Гуравдугаар станцаас бол бүр бага. Агаарын бохирдол гээд ярихаар хүхрийн исэл, азотын исэл, хүлэмжийн хий гээд ярьдаг. Энэ бүх хортой бодисын хэмжээ одоо ажиллаж байгаа станцуудаас тав, зургаа дахин бага. Учир нь шохойн чулууг давхар хэрэглэснээр хүхрийн хорт хийн ялгарлыг дарж өгдөг юм. Шохойн чулуу энэ хортой хийг агаарт тархаахгүйгээр өөртөө шингээдэг.


- Бидний хэрэглэх гэж байгаа энэ технологийг хаана хэрэглэдэг вэ?


- Өндөр хөгжилтэй орнуудын шинэ станцууд энэ технологиор баригдах хандлагатай байна. Тайланд, Хятад. Чили, Өмнөд Америкт  ийм төхнологийн станц ажиллаж байна.


- Тавдугаар станцыг дөрвөн улсын компани хамтран барина. Хамтрагчдынхаа хэн нь хэн бэ гэдгийг товчхон танилцуулаач?


- Манай консорциумыг Францын “GDF Suez” компанийн охин компани “International Power” компани ахалж байгаа. Энэ компанийн тодорхой хувийг Францын Засгийн газар эзэмшдэг. Ганцхан үгээр хэлбэл дэлхийн хамгийн том эрчим хүчний групп. Хоёр дахь нь “Сожиц”. Японы зургаан том трэйдинг компанийн нэг. Олон улсад эрчим хүчнээс гадна дэд бүтцийн маш олон төсөл хэрэгжүүлсэн. Японы санхүүжилтийг оруулж ирэх чадавхитай. Тавдугаар цахилгаан станцын төсөл бол нэг тэрбум 200 сая ам.долларын төсөл. Бага хүүтэй, найдвартай санхүүжилт маш чухал. Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас ийм эх үүсвэр босгох боломжтой. Бидэнтэй хамтарч байгаа гурав дахь газар нь “Поско энержи” гээд Солонгосын компани. Толгой компани нь “Поско” гээд дэлхийд эхний тавд багтдаг гангийн үйлдвэрлэгч. Дэлхийд алт гаргадаг компаниас төмөр ган хийдэг компанитай улс орон баян гэсэн жишиг байдаг. Энэ үүднээсээ* “Поско” дэлхийд гэж яригдах том групп. Энэ гурвыг дэлхийн аль ч газар, ямар ч банк, олон  улсын байгууллага баталгаатай түнш гэж үздэг.


- Эрчим хүчний үнийн хувьд тодорхой тоо гарсан уу?


- Тавдугаар цахилгаан станц дулааныг дагалдах бүтээгдэхүүн гэдэг утгаар нь өгнө. Дулаан дээр Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон тоог баримталъя гэж байгаа. Цахилгаан дээр 63 төгрөг 10 мөнгө гэсэн санал бий. Одоогийн үнэтэй харьцуулахад боломжийн тоо.


- Танай консорциум тавдугаар станцыг концессын гэрээгээр барина. Концессийн гэрээний давуу талыг товчхон хэлээч гэвэл..?


- Төрийн нуруун дээр байгаа ард түмэнд үзүүлдэг үйлчилгээг хувийн сектор аваад бүх үйл ажиллагааг нь төсөвт дарамт болохгүйгээр явуулна гэсэн үг. Төсвөөс мөнгө авахгүй, өөрсдийнхөө хөрөнгөөр барьж, станцын үйл ажиллагааг 25 жил найдвартай явуулаад засагт үнэгүй хүлээлгэж өгнө.


- Станц барих мөнгийг босгоход улс төрийн талаасаа шийдвэрүүд бүрэн гарсан уу?

 
- Улс төрийн талаасаа бол манай консорциумыг Засгийн газартай хамтраад гэрээ хэлэлцээр явуул гэж байгаа. Тавдугаар цахилгаан станцын тендер зарлагдсанаасаа хойш хоёр жилийнхээ ойг үзэх гэж байна. Тавдугаар станцын төсөл гэдэг ойлголт бол яригдаад арван жил болсон. Бид өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай урьдчилсан тохиролцоо, яриануудаа хийчихсэн. Одоо Засгийн газартай зургаан том гэрээ хийнэ. Энэ гэрээнүүдээ санхүүжилт хийх газрууддаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний амжилттай хийж чадвал хөрөнгө оруулалт босгох боломжтой. Хамтрагчид маань олон арван станц барьж байсан, өчнөөн оронтой харилцаж байсан туршлагатай компаниуд учраас мөнгө босгоход асуудалгүй л дээ.


- Засгийн газартай хийх гэрээнүүдэд хэр хугацаа орох бол?


- Ер нь бол төвөгтэй л дөө. Зургаан том гэрээ хийнэ. Концессын гэрээг ЭЗХЯ-тай хийнэ. Эрчим хүч худалдаж авах гэрээг Эрчим хүчний зохицуулах хороотой байгуулна. Дулааны гэрээг Улаанбаатар хотын дулаан түгээхтэй, ус хэрэглэх гэрээг усны газартай, нүүрсний гэрээг хоёр уурхайтай хийнэ. Газрын гэрээг хоттой байгуулна. Ер нь энэ хэмжээний том төслийн гэрээнүүд  уддаг л даа. Бид ирэх жилийн зун гэхэд дуусгах бодолтойгоор ажиллаж байна.


- Гэрээнүүд байгуулагдчихвал хөрөнгө оруулалт баталгаатай орж ирээд станцын барилгын ажил эхэлнэ гэж ойлгож болох нь ээ?


- Тэгж ойлгож болно. Энэ зургаан гэрээний төслийн саналыг урьдчилсан байдлаар өгсөн. Та нар ийм нөхцөлөөр энэ гэрээг байгуулна шүү гэсэн агуулга нь тодорхой болчихсон гэсэн үг. Азийн хөгжлийн банкны шугамаар хийгдсэн учраас ерөнхийдөө олон улсын стандартын нөхцөлүүд тавигдсан. Мэдээж өөрийн улсын онцлогоос хамаарч янз бүрийн юм орж ирэх байх. Үүн дээр консорциумын зүгээс саналаа хэлнэ. Бичиг цаасны ажил нь цаг шаардаад байдаг талтай.


- Тавдугаар станц 2017 онд ашиглалтад орно гэсэн тоог энэ бүхнийг бодолцож тавьсан уу?


- Тэгсэн.


- Энэ том төслийг саадгүй хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний эрсдэл байгаа нь ойлгомжтой. Тэр эрсдэл нь таныхаар юу байж болох вэ. Засгаас хүсэх зүйл байгаа юу?


- Бүх юмаа нарийн төлөвлөөд тохирох хэрэгтэй. Тохироод тохирсондоо хүрэх хэрэгтэй. Засгийн газарт нэг тал анзаарагддаг. Өнөөдөр кофе хийнэ шүү гэж байснаа маргааш нь “өө тэр дарга цай гэж байна” гэдэг. “За хоёулаа ирэх долоо хоногт тийшээ явна шүү” гэж байснаа өө больчихлоо сарын дараа болъё” гэдэг. Бидэнтэй хамтарч байгаа гадныхан олон төсөл хэрэгжүүлж, бүх юмаа төлөвлөж, төлөвлөсниихөө дагуу хийгээд сурчихсан улс. Ийм том төслийг хэрэгжүүлэхэд маш олон юм зэрэг явдаг учраас аль нэг ажил хойшлогдох юмуу цаг алдвал нийт үйл ажиллагаанд нөлөөлдөг. С.Баярцогтын хэлдэгээр 20 мянган хувьсагчтэй тэгшитгэл гэдэг шиг маш олон зуун ажил зэрэгцээд явдаг онцлогтой. Ритм алдагдвал үндсэн суурь төлөвлөгөөнд нөлөөлдөг. Манайх ийм юм хийе, та бүхэн үүнийг ингэж хий, төдийд уулзъя гэж тохироод тэрэндээ хүрэх хэрэгтэй. Засгаас ийм л зүйл хүсч байна.


Ц.БААСАНСҮРЭН
С.АРИУНЖАРГАЛ


2013.09.23 Даваа гараг “Өдрийн Сонин” Эдийн засгийн булан х:17