
19 Oct Улаанбаатар хотод эрүүл мэндийн байгууллагууд руу цус тээвэрлэх ажиллагааг дроноор хийнэ
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Шинэ үеийн ухаалаг тээвэрлэлт Монголд” симпозиумыг есдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уг симпозиумын үеэр Монголын шинэ үеийн ухаалаг ложистикийг дэмжих ажлын хэсгийг байгуулж талууд санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү ажлын хэсэгт Монголын талаас Ньюком групп, Мобиком корпораци, ТокТок компаниуд болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг орсон бол Японы талаас Aeronext, KDDI Smart Drone, Seino, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) зэрэг байгууллагууд оржээ. Эдгээр байгууллагууд хамтран дрон хүргэлтийн сүлжээ болох SkyHub® хэмээх ухаалаг ложистикийн шинэ системийг Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар судлах юм байна.
Түүнчлэн оролцогч талууд энэ ондоо багтаан дрон ашигласан эмнэлгийн хангамжийн сүлжээг Монгол улсад байгуулах боломжийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран хийх бөгөөд дроноор цус тээвэрлэх туршилтын ажлуудыг хийнэ гэдгээ мэдэгдэв.
Энэхүү төсөл нь Монгол улсын хэмжээнд ухаалаг ложистикийн шинэ үеийн бүтээн байгуулалт, дэд бүтцийг бий болгох замаар нийгэм, эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгийн яаралтай тусламжид тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр нэмэр оруулах юм.