02 Oct “Ньюком Проперти” ХХК цэвэрлэгээ үйлчилгээндээ РОБОТ ашиглаж эхэллээ
Техник технологи улам бүр хөгжиж, хүний гарын оролцоотой аливаа үйлчилгээнүүдийг роботуудаар орлуулах болсон. Үүний нэг тод жишээ бол хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэгч “Ньюком Проперти” ХХК-ийн нэвтрүүлээд буй цэвэрлэгээний шинэ роботын үйлчилгээ юм. Тодруулбал томоохон оффис, албан байгууллагуудад цэвэрлэгээ үйлчилгээг автоматаар, хүний оролцоогүй хийх давуу талтай роботуудыг тус компани нэвтрүүлж эхэлсэн байна.
“Ньюком Проперти” ХХК нь хөрөнгийн менежментийн үйлчилгээний анхдагч компаниудын нэг бөгөөд мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээ, барилга ашиглалтын үйлчилгээг хүргэдэг. Тэд Улаанбаатар хот болон Дархан хотод байрлах нийт 18 томоохон объект, 80 гаруй салбар нэгжийн 180’000м.кв талбайд 340 гаруй ажилтантайгаар тэргүүлэх компани, банк, олон улсын байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Байгаль орчинд ээлтэй олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьдог тус компани хөдөлмөр хөнгөвчлөн, хүний нөөцийн дутагдлыг нөхөх зорилгоор БНХАУ-ын “Гаусиум Роботикс” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болж, цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэх робот төхөөрөмжүүд ашиглаж эхэлсэн байна.
“РОБОТУУД НЬ ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙГЭЭР ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ДАВУУ ТАЛТАЙ”
“Ньюком Проперти” ХХК-ийн Төсөл хариуцсан захирал Б.Баярсайхан:
– Та бүхэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий робот цэвэрлэгч машиныг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Ингэснээр үйл ажиллагаанд тань гарах давуу тал юу вэ?
– Цэвэрлэгээ үйлчилгээ бол албан байгууллага бүрд тогтмол хийгдэж байх ёстой зүйл билээ. Эдгээр роботууд нь хүний хөдөлмөр, гар оролцоогүйгээр талбайг цэвэрлэх, цаг хамаарахгүй үйлчилгээ үзүүлэх давуу талтай. Манай “Ньюком Проперти” ХХК-ийн хувьд үйлчилгээ үзүүлдэг томоохон газрууддаа хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх роботуудаа нэвтрүүлж байна. Ингэхдээ том, жижиг гээд төрөл бүрийн зай талбайд ажиллахаас шалтгаалж тохирсон хэд хэдэн сонголттой роботууд оруулж ирсэн.
– Роботуудаа танилцуулаач. Аль улсын бүтээгдэхүүн бэ?
– Эдгээр нь БНХАУ-ын “Гаусиум Роботикс” компанийн роботууд бөгөөд тус компани нь дэлхийн 60 гаруй улсад нисэх онгоцны буудал, оффис, үйлчилгээний газруудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг салбартаа тэргүүлэгч компани юм. Эхний ээлжид үйлчилгээ үзүүлж буй объектууд дээр турших, Монголын нөхцөлд ажиллуулж үзэх үүднээс цөөн ширхгийг оруулж ирээд байгаа ч бид цаашдаа тоог нэмэхээр төлөвлөж байна. Манай “Ньюком Проперти” ХХК “Гаусиум Роботикс” компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд харилцагч байгууллага болон бусад албан газрууд манай роботын үйлчилгээг авахыг хүсвэл бидэнтэй холбогдож болно. Бидний зүгээс робот цэвэрлэгээний төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна ашиглалт үйлчилгээ, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэнэ.
“БИД ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ РОБОТ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭРЭЭ ДЭЛХИЙД НОМЕР НЭГТ ОРДОГ”
Цэвэрлэгээний роботуудын ажиллах горимыг “Ньюком Проперти” ХХК-ийн ажилтнуудад зааж, үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлэхээр робот үйлдвэрлэгч компанийн мэргэжилтэн Улаанбаатар хотноо иржээ.
“Гаусиум Роботикс” компанийн Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан техникийн менежер Мунчур Ким:
– Та компанийнхаа тухай товч танилцуулна уу.
– Манай компани 2014 онд байгуулагдсан одоогоор 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид цэвэрлэгээний робот үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгт ордог. Бид АНУ, БНСУ, Япон Улс тэргүүтэй 60 гаруй улс руу бүтээгдэхүүний нийлүүлдэг. Зах зээл маань улам өргөжиж Улаанбаатар хотноо анх удаа роботоо үйлчилгээнд нэвтрүүлж буйдаа баяртай байна. Манай роботууд бүрэн автомат буюу хүний оролцоогүйгээр усаа солих, өөрийгөө цэнэглэх, цэвэрлэх горимтой гээд олон давуу талтай.
– Роботуудынхаа онцлогийг танилцуулна уу.
– Чулуун шал цэвэрлэх зориулалттай “Scrubber-50” анхны бүтээгдэхүүнээ бид 2014 онд анх танилцуулж байлаа. Энэ төхөөрөмж нь шал угаах, шүүрдэх, өнгөлөх зэрэг 3 үйлдлийг автоматаар гүйцэтгэж, томоохон талбайд ажилладгаараа давуу талтай. Харин “Vacuum-40” нь илүү дэвшилтэт технологи бүхий сүүлийн үеийн загвар бөгөөд энэ нь хивс, хивсэнцэр соруулах, цэвэрлэх үйлчилгээг гүйцэтгэнэ. Мөн өнөөдөр бага, дунд хэмжээний үйлчилгээ, нийтийн талбайд тоос соруулах, шал угаах, шүүрдэх цэвэрлэгээ хийдэг жижиг оврын Phantas загвараа “Ньюком Проперти” ХХК-ийн үйлчилгээ үзүүлж буй талбайд нэвтрүүлж байна. Эдгээрээс гадна манай компани том агуулах, гадна талбайг цэвэрлэх зориулалттай автомат төхөөрөмжүүдээ цаашид Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: gogo.mn