02 Jul Дроноор цус тээвэрлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ хүлээн авлаа
Ньюком группийн охин компани болох “Монголиан смарт дрон деливери” ХХК нь иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн холбогдох дүрмийн хүрээнд заагдсан бүх шалгуур үзүүлэлтийг хангаж, “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” бүхий №01 дугаартай гэрчилгээг хүлээн авлаа.
Энэхүү гэрчилгээг хүлээн авснаар “Монголиан смарт дрон деливери” ХХК нь Монгол Улсад хүнгүй агаарын хөлгөөр буюу дроноор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан анхны байгууллага болж байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Монголын талаас Ньюком групп, Мобиком корпораци, ТокТок компаниуд болон Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Японы талаас Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Aeronext, KDDI Smart Drone, Seino зэрэг байгууллагууд оролцож, “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд “Монголиан смарт дрон деливери” ХХК нь дроноор цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх нислэгийг аюулгүй ажиллагааны горим, холбогдох стандартад нийцүүлэн зохион байгуулж байна.
Тус төслийг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инновац хөгжлийн газар дэмжин ажиллаж байна.
Төслийн анхны туршилтыг 2023 оны 11 дүгээр сард хийсэн бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.95 км зайд 2.2кг буюу найман нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 12.5 минутын дотор амжилттай тээвэрлэсэн юм.
Нийт ард иргэдийн тал хувь нь суурьшсан Улаанбаатар хотын иргэдэд эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дроноор эмнэлэг хооронд цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх энэхүү төслийг талууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна.