05 Feb “Тогтвортой хөгжил ба Сэргээгдэх эрчим хүч” сэдэвт бизнес эрхлэгчдийн өглөөний уулзалтад оролцлоо
НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Тогтвортой хөгжил ба Сэргээгдэх эрчим хүч” сэдэвт бизнес эрхлэгчдийн өглөөний цайны уулзалтыг 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хороо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, MCS холдинг, Ньюком групп, Говь ХК, Монгол базальт ХХК, Сайншанд салхин парк, Desert solar power one ХХК, Тэнүүн гэрэл констракшн ХХК зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уулзалтад оролцогчид Монгол улсад эрчим хүчний салбарын бодлого тогтвортой биш, хоёр жилд нэг удаа сайд нь солигддог, үнэ тарифыг бодит өртгөөс нь доогуур барьж байгаа нь хөгжлийн хамгийн том саад болж буйг хөндсөн юм. Түүнчлэн эрчим хүчний үнэ тарифыг халамжийн өнцгөөс харахаа болихгүй бол цахилгаан станцууд нь нүүрсний уурхайгаа, уурхай нь төмөр замаа татаж унагах эрсдэл ойрхон байгааг ч салбарынхан хэлж байлаа. Мөн ААН-үүд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ зарлах боломж, сонирхол байдаг хэдий ч тарифын болон хууль эрхзүйн ямар ч зохицуулалт байдаггүй гэдгийг хэллээ. Тиймээс эрчим хүчний үнэ тарифын бодлого, сэргээгдэх эрчим хүчний хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн батлах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн уулзалтын үеэр “Нөөц хуримтлуулах батарей хөгжсөнөөр нар салхины эрчим хүчний хөгжил илүү тогтвортой болж байгаа” хэмээн Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх онцолсон бол Оюутолгой компанийн төлөөлөл “Нүүрсээр ажилладаг Дулааны станц болон дизель түлшний хэрэглээгээ багасгах замаар 2030 он гэхэд Хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувь бууруулж, 2050 он гэхэд энэ үзүүлэлтийг тэг болгох зорилт тавин ажиллаж байгаа” гэдгээ мэдээллээ.