14 Sep “JUNIOR ENERGY CLUB” ФИЗИКИЙН ТАНХИМ БАЙГУУЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Ньюком групп болон түүний охин компани Клин Энержи ХХК нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран хүүхдийн тэгш хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сурагчдын физикийн шинжлэх ухаан, сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлж, онолын мэдлэгийг практик туршилт, ажиглалт, загварчлалтай хослуулан эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 104 дүгээр сургууль болон Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-иудад орчин үеийн, туршилтад суурилсан “Junior Energy Club” физикийн танхим байгуулж, хүлээлгэн өглөө.
Физикийн танхимыг сурагчдын шинжлэх ухааны сонирхлыг нэмэгдүүлэх, бие даан туршилт хийх, физикийн үзэгдлийг бодитоор танин мэдэх боломжийг бүрдүүлэхэд чиглүүлэн тохижууллаа. Үүнд:
- Ухаалаг самбар, нарны аймгийн загвар;
- Цахилгаан хэлхээ, соронзон орон, цахилгаан соронзон үзэгдлийг судлах иж бүрдэл;
- Мультиметр, амперметр, вольтметр, динамометр зэрэг хэмжилтийн багаж;
- Нар, салхи, усны эрчим хүчийг судлах сэргээгдэх эрчим хүчний туршилтын иж бүрдэл;
- Угсардаг нарны зайт мини машин болон бусад туршилт, дадлагын сургалтын хэрэглэгдэхүүн.
Ийнхүү сурагчид физикийн онолын мэдлэгээ бодит туршилт, ажиглалт, загварчлалаар бататгаж, сэргээгдэх эрчим хүчний технологи, хэрэглээний талаар илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар суралцах боломж бүрдлээ.
Ньюком групп, Клин Энержи ХХК болон Дэлхийн Зөн Монгол байгууллагын энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн боловсролыг дэмжихийн зэрэгцээ тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны үнэ цэнтэй санаачилга болж байна.













