МОНГОЛ УЛСАД ХОЛЫН ЗАЙН АЧАА ТЭЭВРИЙГ ЦАХИЛГААНЖУУЛАХ АНХНЫ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ


Ньюком Групп, Монложистикс Групп ХХК болон China Machinery Engineering Corporation (CMEC) хамтран Монгол Улсад анх удаа холын зайн ачаа тээврийг цахилгаанжуулах туршилтын төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Туршилтыг Улаанбаатар–Замын-Үүд чиглэлд нийт ойролцоогоор 1,400 километрийн маршрутаар бүрэн цахилгаан хүнд даацын ачааны автомашинаар гүйцэтгэсэн бөгөөд Монгол орны замын бодит нөхцөл, цаг уурын онцлогт цахилгаан ачаа тээврийг ашиглах техникийн боломж, найдвартай ажиллагааг бодитоор баталгаажуулсан чухал алхам боллоо.

Энэхүү туршилтын үр дүнд тулгуурлан гурван тал дэвшилтэт ногоон технологийг Монголын нөхцөлд турших, нутагшуулах, бодит хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээр зорьж байна. Ингэснээр Монгол Улсын тээвэр, ложистикийн салбарт тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх боломж бүрдэх юм. 

Хамтын ажиллагааны дараагийн шатанд туршилтыг ложистик, уул уурхайн голлох тээврийн коридоруудад өргөжүүлэхийн зэрэгцээ эдгээр чиглэлд зай хураагуур солих болон устөрөгчөөр цэнэглэх станцуудын дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ шаардлагатай эрчим хүчийг бие даан, найдвартай хангах зорилгоор төвийн нэгдсэн сүлжээнээс тусгаарлагдсан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах боломжийг судална. Ийнхүү цахилгаан тээвэр, зай хураагуурын дэд бүтэц болон сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэсэн шийдэл нь ашигт малтмалын нөөц арвин боловч эрчим хүчний хангамж хязгаарлагдмал бүс нутгуудад дизель түлшний хамаарлыг бууруулж, ногоон, бие даасан эрчим хүчний тогтолцоонд шилжих бодит боломж бүрдүүлнэ.

Энэхүү санаачилга нь Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх стратегийн зорилтуудтай бүрэн нийцэж байна.

Төсөлд оролцогч компаниуд энэхүү санаачилгыг цаашид бодит төсөл болгон өргөжүүлж, салбарын хэмжээнд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг чухал гэж үзэж байна. Энэ хүрээнд уг санаачилгыг Монгол–Хятадын ногоон эрчим хүч, ашигт малтмалын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, төслүүдийн жагсаалтад хамруулах, мөн бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр талын тусгай сан эсхүл чиглүүлэх хөрөнгө оруулалтын механизм бий болгох боломжийг судлан үзэхийг санал болгож байна.

Ийм төрлийн бодлого, санхүүжилтийн дэмжлэг бүрдсэнээр уул уурхайн салбарт цахилгаан тээвэр, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүч хуримтлуулах технологийг хослуулсан ногоон шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэх, цаашлаад өргөн хүрээнд давтан нэвтрүүлэх боломжийг эрс нэмэгдүүлэх юм.