17 Mar Ньюком групп Дэлхийн Зөн Монгол байгууллагатай хамтран хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Ньюком групп болон түүний охин компани Клин Энержи ХХК нь Дэлхийн Зөн Монгол олон улсын төрийн бус байгууллагатай хамтран хүүхдийн тэгш хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн чанарыг сайжруулах зорилгоор албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн хүүхдүүдэд аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн “Мөрөөдөл дүүрэн дотуур байр төсөл”, алслагдсан сум, дүүргийн ЕБС-иудад чанартай, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих замаар хүүхэд багачуудад физикийн шинжлэх ухаан болон сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой “Junior Energy Club” физикийн тэнхим байгуулах төслүүдийг хэрэгжүүлнэ.
2026 онд талууд “Мөрөөдөл дүүрэн дотуур байр” төслийг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд, “Junior Energy Club” төслийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 104 дүгээр сургууль болон Төв аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуульд тус тус хэрэгжүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхэд бүрд эрүүл, аюулгүй, хөгжих таатай орчныг бүрдүүлэхээс гадна чанартай боловсролыг дэмжих, сэргээгдэх эрчим хүч болон шинжлэх ухаанд сонирхолтой, мэдлэгтэй шинэ үеийн иргэдийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой билээ.
2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр









