
29 May Ньюком групп дрон технологийн шинэ хуудас эхлүүллээ
— Эрүүл мэндийн салбарт технологийн дэвшлийг нутагшуулж буй дроны төсөл амжилттай хэрэгжиж байна —
Монгол Улсад харилцаа холбоо, иргэний нисэх, сэргээгдэх эрчим хүч зэрэг стратегийн салбаруудад шинэчлэл, хөгжлийн салхийг эх орондоо анхлан авчирч, салбар бүрдээ жишиг тогтоож ирсэн Ньюком групп нь эрүүл мэндийн салбарт дрон технологи нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тодруулбал, тус группийн охин компани болох “Монголиан Смарт Дрон Деливери” ХХК нь дроноор эмнэлгийн чухал хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх төслийг хэрэгжүүлж, Монгол Улсад өмнө нь байгаагүй шинэ технологийн хуудсыг нээсэн билээ.
Тус компани нь иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн холбогдох дүрмийн хүрээнд заагдсан бүх шалгуур үзүүлэлтийг хангаж, “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-тэй Монгол Улсын анхны байгууллага болж, №01 дугаартай гэрчилгээг хүлээн авснаар дрон тээвэрлэлтийн үйлчилгээг хууль ёсоор эхлүүлсэн юм.
Хэрэгжүүлэгч талууд: Энэхүү төслийг Ньюком групп манлайлан, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ийн дэмжлэгтэйгээр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
Анхны туршилтын нислэг: 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр анхны туршилтын нислэгээ амжилттай зохион байгуулж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хүртэл 4.75 км зайд 2.2 кг буюу найман нэгж цусыг ердөө 12.5 минутын дотор хүргэсэн нь Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ алхам болж үлдсэн юм.
Энэхүү нислэгийг Японы Aeronext болон ACSL компаниудын хамтран хөгжүүлсэн “AirTruck” гэх тусгай дроноор гүйцэтгэсэн бөгөөд -15°C хүйтэн нөхцөлд, 1300 метрийн өндөрт, хүн ам суурьшсан бүсээр автомат нислэг хийсэн нь дотоодын технологийн хөгжил төдийгүй олон улсын түвшинд ч өндөр үнэлэгдсэн билээ.
Төслийн үр дүн: Төслийн хүрээнд 2024 онд нийт 50 гаруй нислэгийг амжилттай үйлдэж, 178 өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэсэн бөгөөд тэдгээрийн 88 нь яаралтай цус сэлбэх өвчтөнүүд байв. Дроны шуурхай, найдвартай хүргэлтийн ачаар хоёр өвчтөний амь насыг аварч чадсан нь энэхүү төслийн бодит үр нөлөөг тодорхой харуулж байна.
Энэхүү төсөл нь зөвхөн техник, технологийн дэвшил бус, нийгмийн хариуцлага, хүнлэг сэтгэл, хариуцлагатай бизнесийн бодит илэрхийлэл юм.
Цаашид “Монголиан Смарт Дрон Деливери” ХХК-ийн хамт олон хамтын ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын шилдэг туршлага, дэвшилтэт шийдлүүдээс суралцаж, төслөө дараагийн шатанд амжилттай ахиулахын төлөө тууштай ажиллаж байна.
Зуун дамнасан хөгжил дэвшил, түүхэн бахархлыг бүтээлцэж, эх орныхоо агаарын замыг торгон мэдрэмж, хариуцлагатай сэтгэлээр хөтлөн хөгжүүлж ирсэн иргэний нисэхийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид та бүхэнд 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Тэнгэрт дүүлсэн 100 жил – Шинэ зууны эхлэл