
18 Feb “Бүсчилсэн хөгжлийн форум 2024” чуулганд Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх панелистаар оролцлоо
Засгийн Газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан бөгөөд Монголын эдийн засгийн форум ТББ-тай хамтран хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд “Монголын хөгжлийн форум”-ын хүрээнд “Бүсчилсэн эдийн засгийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа.
Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөний Говийн салбар хуралдаанд Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх панелистаар оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Говийн бүсийг биднээс гадна бүс нутаг, олон улс цэвэр эрчим хүч импортлох бүс нутаг гэж харж байна. Сүүлийн үед ногоон эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэж авъя гэдэг механизм улс орнуудад хөгжиж байна. Тэр утгаараа говийн бүс бол зөвхөн Монголд биш хөрш орнууддаа ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах боломжтой” хэмээн онцоллоо.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд сүүлийн 20 гаран жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй үндэсний хэмжээний тэргүүлэгч компани болох Ньюком групп нь шинэ эрчим хүчийг бүс нутаг, цаашлаад Ази руу экспортлох томоохон зорилго тавин ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй манай улсын хувьд эрчим хүчээ экспортлох нь Монгол Улсын эдийн засгийг тэлж, хөгжүүлэхэд зайлшгүй хийх ёстой алхмуудын нэг юм.