
10 Jul “Монголын эдийн засгийн чуулган-2023” чуулганы стратегийн түншээр Ньюком групп оролцлоо
Монголын Эдийн Засгийн Чуулган 2010 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ жил “Welcome to Mongolia” уриан дор долоодугаар сарын 9,10-ны өдрүүдэд нэгэн зэрэг нийт зургаан байршилд зохион байгуулагдлаа.
Монголд хөрөнгө оруулах боломжуудыг сурталчлахаар зохион байгуулагдсан тус чуулганд дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдээс эхлээд гадаадын хөрөнгө оруулагчид, төрийн сайд, түшмэлүүд, олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд оролцсон бөгөөд тус чуулганы стратегийн түншээр үндэсний хэмжээний тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компани болох 30 жилийн түүхтэй Ньюком групп хамтран ажиллалаа.
Манай улс эдийн засгийн чуулган зохион байгуулж эхэлснээс хойших хамгийн олон зочин уригдсан гэдгээрээ энэ жилийн чуулган онцлог болсон бөгөөд чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөлөө. Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д. Ганхуяг нар Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж – Далайд гарцгүй орон, Шинэ эрчим хүчний эх үүсвэр – Нар, салхи, устөрөгч сэдэвт салбар хуралдаануудад тус тус панелистаар оролцов.