Б.Баатармөнх: Сэргээгдэх эрчим хүч хурдацтай хөгжлийн том хөшүүрэг болно

Б.Баатармөнх: Сэргээгдэх эрчим хүч хурдацтай хөгжлийн том хөшүүрэг болно

“Ньюком” нь 20 жилийн өмнөөс шинэ эрчим хүчний тухай ярьж, яриад зогсохгүй бодит үйлдэл хийж, СЭХ-ний анхны төслийг гүйцэтгэсэн. Эндээс бид байгалийн баялгаа ашиглаад эрчим хүч гаргаж авч болдог юм байна гэдгийг харсан. “Ньюком” бас л шинэ салбарыг нээж, шинэ ойлголт стандартыг нэвтрүүлж, таниулсан. Шинэ эрэлхийлэл, шинэ санаачлагын шинэ эрчим хүчний эхлэл болсон төслүүдийнхээ талаар ярина уу?

 

Байгаль орчноо хамгаалах нь үүсгэн байгуулагчдын анхных нь үзэл баримтлал, үнэт зүйлс байсан учраас ач холбогдол өгч, байнга анхаарал хандуулж ирсэн. Мөн монголчууд бид салхи гэдэг байгалийн хүчийг өөрсдөдөө эергээр хэрэглэнэ гэдгийг нөгөө л сониуч сэтгэлгээтэй хүмүүс оролдоод үзүүштэй байжээ.   

 

Дэлхийн дулаарлын эсрэг, мөн Монгол Улсын тогтвортой хөгжилд сэргээгдэх эрчим хүч том үүрэг гүйцэтгэх юм байна гэдгийг тэд 20 жилийн өмнөөс олж харж. Ингээд “Ньюком” дэлхий нийтээрээ зүглэж буй салбарт хүч сорьж, энэ нь өөрөө эргээд дэлхийн ирээдүй болно гэсэн алсын хараагаар СЭХ рүү орох шийдвэр гаргаж 2003 онд анхны “Салхит салхин цахилгаан станц” төслөө эхлүүлж байлаа. Төсөл маань хэрэгжиж МУ-д анхны салхин цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэж эхэлтэл 10  жилийг зарцуулсан.  Төсөл хэрэгжүүлсэн 10 жилийн хугацаанд бид салхины нөөцийн судалгаа хэмжилт хийж салхины нөөцийн мэдээллийн бааз бий болгох, салхин станцын технологи судлах, монгол орны нөхцөлд тохирсон, хамгийн орчин үеийн техник төхөөрөмж сонгох, СЭХ-ний салбарт эрх зүйн орчин бүрдүүлэхэд төр засагтай хамтран ажиллах гээд маш олон талт ажил хийсэн байдаг.

 

“Салхит” салхин цахилгаан станц нь СЭХ-ний салбарт хувийн хэвшлээс оруулсан анхны томоохон хөрөнгө оруулалт бөгөөд тухайн үед эрчим хүчний уламжлалт салбартаа ч гучаад жил томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй үе байлаа.

 

Анхны төслөө арваад жил хэрэгжүүлж байсан бол “Цэций” салхин цахилгаан станцын төсөл маань 2012 онд эхлээд 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж  байна.

 

Шинийг эхлүүлнэ гэдэг үргэлж том сорилт байдаг. Тэгээд ямар ч ойлголт мэдээлэлгүй цаг үед. Багагүй сорилттой тулгарч байсан байх даа.

 

Монгол Улс нүүрстэй орон, нүүрсээ л ашиглана.Та юун салхин станц яриад байна гэж манай үүсгэн байгуулагчдад хэлж байсан гэдэг. Бидний хувьд монгол орон маань салхитай, дуусашгүй нөөцтэй, байгалд ээлтэй эрчим хүч гаргаж авч болно  гэсэн итгэл үнэмшилтэй байсан, хэдийгээр  мэдэхгүй  зүйл их ч, дэлхийд ингэж хийдэг юм байна, ингэж хийх ёстой юм байна гэж оролдож, суралцаж, зүтгэж хийсэн.   

 

Мэдээж олон сорилттой тулгарч байсан. СЭХ-ний салбарт төрөөс баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байсан. 2007 онд МУ-ын СЭХ-ний хууль батлагдсанаар эрх зүйн зохицуулалт бүрдэж эхэлсэн. Бас нэг сорилт бол төслийн санхүүжилтийн асуудал. Төслийн санхүүжилт гэж өмнө нь байгаагүй, судлах, суралцах, хэрэгжүүлэх  чухал ажил байсан. Салхины нөөцийн судалгаа, хэмжилт маань санхүүжилтийн шаардлагад нийцсэн байх шаардлага байдаг. Салхины нөөцийн хэмжилтийн ажил гэхэд л газар дээрээ дор хаяж 5 жил хэмжилт хийсэн мэдээллийн баазтай болохоос гадна салхины нөөцийн хэмжилт маань стандарт шаардлага хангасан, бодитой хэмжилт гэдгийг гадаадын мэргэжлийн байгууллагад явуулж баталгаажуулдаг байлаа.

 Үр дүнд нь Монголд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, салхин парк байгуулж болдог юм байна гэдгийг дотоодод төдийгүй дэлхийд харуулж, Монгол Улсаа сурталчлан таниулахад эерэг мессеж болсон. 20 жилийн өмнө гаргасан концепц, баримталсан зарчмаа бид өнөөг хүртэл мөрдөж, өргөжүүлэн ажиллаж байна.  

 Энэ бол энэ цаг үед тулгарч буй сорилт. 30 жил, 20 жилийн өмнө ч тухай үеийн нөхцөл байдалтай холбогдсон сорилтуудтай тулж л байсан тухай хоёулаа ярилцсан. “Ньюком”-ын ирэх 30 жилд хийх маш том зорилгын өмнө тулгарсан сорилт ч байж магадгүй юм.

 Би ажлаа аваад”Бид хүний ам хараад ажил бүтэхийг хүлээгээд суулгүй, өөрсдөө зүтгээд үзье”  гэж багтайгаа ярилцсан.  Улмаар “Dii Desert Energy” байгууллагын 100 дахь гишүүнээр уригдан элсэж, эхний алхмаа хийсэн. Энэ холбоонд СЭХ-ний чиглэлээр ажилладаг дэлхийн хамгийн том компаниуд багтдаг.

 Монгол СЭХ-ний экспортын орон болж, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэсэн том зорилго тавьж байсан бол одоо эхлэх цаг болжээ. Коронагийн дараа дэлхий даяараа тогтвортой хөгжлийг хүчтэй дэмжиж эхэллээ. 2-3 жилийн өмнө энэ тухай ярьдаг л байсан бол өнөөдөр капитал жинхэнээсээ хөдөлгөөнд орсон. Тэрбум, тэрбум долларын төслүүдийн гэрээ хэлэлцээр дэлхий даяар хийгдэж, хэрэгжиж байна. Нөгөөтэйгүүр Хятад улс хурдтай хөгжиж, эрчим хүчний хэрэглээ нь асар их өсч байна. Эрчим хүчний дутагдалд бүс бүсээрээ орж эхэлсэн. Энэ бүхэн бидэнд маш том боломжийг нээж байна.  Одоо төрөөс тодорхой чиглэлтэй, нарийн бодлого гаргаж ажиллавал МУ-ийн хувьд сайхан боломж нээгдэж байна. 

 Төрөөс ямар бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна вэ?

 Өнөөдөр биднд   эрчим хүч экспортлоход чиглэсэн тодорхой бодлого, нарийвчилсан төлөвлөгөө алга. Бодлого бол бодол биш, бичсэн, баталсан хөдлөшгүй баримт бичиг байх хэрэгтэй. Бодлогыг хэрэгжүүлдэг үүрэг хариуцлагатай байх чухал байдаг. Тогтворгүй, тодорхойгүй байдал маш том бэрхшээл болсоор ирсэн. Төрийн байгууллагууд өмнө байгуулсан гэрээгээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна. Гэрээг хоёр тал харилцан тохиролцож, 2 талаас үүрэг хүлээж байгуулдаг, гэрээг мөрдөж хэрэгжүүлэх маш чухал асуудал. Гэрээг хэрэгжүүлснээр л үр дүн гардаг. Мөн валютын ханшны хэлбэлзэл. Дотоодын зах зээл СЭХ-ийг дийлэхгүй гэж ярьдаг. Энэ бол нарийн асуудал. Дийлэхгүй гэдэгтээ бус эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хурал дээр Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай “Тарифаа чөлөөлөхгүйгээр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй, салбар хөгжихгүй” гэж маш хүчтэй дуугарсан. Эрчим хүчний сайд ч үүнийг онцлон хэлсэн. Энэ бол тодорхой. Харин тэр хүртэл яах вэ гэсэн бодлого, эрх зүйн орчин, замын зураглалаа гаргах хэрэгтэй байна.

 СЭХ-ний жижиг станцуудын нэгж үнэ нь өндөр байдаг бол том хүчин чадалтай станцуудыг баривал нэгжийн өртөг нь багасна. Томоохон хэмжээний СЭХ-ний паркуудыг барья, маш том зах зээл хилийн цаахна байна. Бид Хятад руу 5 Гвт-ын эрчим хүч экспортлоход л нэгж зардал буурч, санхүүжилт, хөрөнгө оруулалт ороод ирнэ. Эдийн засагт маш том дэмжлэг өөрчлөлт болно. 5 Гвт бол урд хөршийн хэрэгцээний 0.5 хувьд нь ч хүрэхгүй, тэдэнд юу ч биш. Харин манай хувьд том тоо, дотоодын оргил ачааллаас даруй 3.5 дахин их байна. Тиймээс СЭХ-ний экспортын бодлого, дэмжлэгээ зэрэг эхлүүлье гэж хэлээд байгаа юм. СЭХ-ний эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавьж, дотоодын хэрэгцээг хангаад үлдсэнийг экспортлох боломжтой болно. Маш бага зардал, өртгөөр нийлүүлэх боломжтой. Төрийн түвшинд хоёр улсын хоорондох бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчноо сайтар боловсруулж гаргасны дараа хувийн хэвшлийг татан оролцуулснаар төсөвт дарамт болохгүйгээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдэлээ үүрээд, мега төслүүдийг хэрэжүүлэх боломжтой болох юм.

 Дэлхийн ногоон хөгжил, СЭХ-ний хөгжлийн чиг хандлагын талаар та мэдээлэл өгнө үү?

 Хүн төрөлхтөн сүүлийн 200 гаруй жилд түлш шатааж, утаа гаргаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Цаашдаа энэ байдлаараа үргэлжлээд явбал эх дэлхий маань, хүн төрөлхтөн маш том аюул заналд орох эрсдэлтэй боллоо гэдгийг дэлхий нийтээрээ ойлгон, хүлээн зөвшөөрч байна. Эрчим хүч бүх л үйлдвэрлэлийн суурь нь. Одоо тэгвэл өөрсдийн амьдардаг нөхцөлийг хохироохгүйгээр шийдье гэдэг хандлага газар авч байна.

 Мөн нүүрсхүчлийн хий ялгаруулж үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээс зайлсхийх хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнд зохих хэмжээний татвар тавих талаар ярих боллоо. Арабын нэгдсэн Эмиратад саяхан болсон сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлын үеэр би дэлхийн тэргүүлэгч компаниудын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр “Хөгжсөн, үйлдвэржчихсэн улсууд бэрхшээлүүдтэй тулна. Ийм улс орнуудад газар байхгүй учраас СЭХ-ний станцууд байгуулж чадахгүй. Тиймээс тэд өөр улс орноос, СЭХ үйлдвэрлэдэг газруудаас кредит авах шаардлагатай болно” гэж байна.

 Манайд маш том боломж гарч ирж байгааг ойлгох хэрэгтэй. Монгол Улс байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, кредитээ худалдахаас гадна бид өөрсдөө үйлдвэржих бүрэн боломжтой. СЭХ-ээр үйлдвэрлэх зүйлс олон бий. Техник технологи улам хөгжиж авсаархан болсоор байна. Онгоцоор зөөвөрлөх ч боломжтой болж. Ложистикийн сул талаа нөхөхөд санаачлагатай хандаж, шинийг эрэлхийлж байна.

 СЭХ хүч гэдэг түлхүүрээ одоо л ашиглах хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн хурдацтай хөгжлийн том хөшүүрэг болно. Энэ түлхүүр дараа дараагийн үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлнэ. Тиймээс төр засаг дотоодын асуудлаа шийдсэний дараа экспорт руу анхаарна гэх бус экспортын эрчим хүчний асуудалд ч анхаармаар байна. Эрдэмтэн мэргэд, судлаачид улсынхаа урд зүгийг үйлдвэрлэлийн бүс, хойд зүгээ амьдралын бүс болгоё гэж ярьдаг. Урд, өмнө бүс уул уурхай, СЭХ-ний баялаг нөөцтэй. Газар дээрх байгалийн баялгаа сайтар ашиглавал үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой.

 Жилийн өмнөөс Өвөр Монголын Ордос аймагт нэт зеро үйлдвэрлэлийн паркийг барьж эхэлсэн. Өвөр Монголыг сонгосны учир нь Монгол Улстай адилхан СЭХ-ний нөөц арвинтай гэж үзсэн. Гэхдээ Монголд чанар илүү байна, Монголд барьчихдаг бол гэсэн асуудлыг тэд хэлж байна. Ийм хандлага их гарах боллоо. Үүний нэг адил ийм паркуудыг өөрсдөө бариад явах юм бол олон улсад өрсөлдөх чадвартай болно. Монгол Улсын давуу талууд их. Дэлхийд дээгүүр орох СЭХ-ний, дэлхийд дээгүүр орох газрын ховор элементийн нөөцтэй. Дэлхийн хамгийн том зах зээлтэй хөрш. Үүнээс илүү азтай зүйл гэж ховор.

 Түүнчлэн дэлхий СЭХ-ний хөгжилд тулгарах бэрхшээлийг ч шийдэхийн төлөө явж байна. Сэргээгдэхийн нэг сул тал нь хэлбэлзэл. Нар, салхитай үед ажилладаг, нар, салхигүй үед зогсдог. Үүнийг цэнэг  хураагуур ашиглах замаар шийддэг технологи байна.   Технологи сайжраад ирэхээр үнэ өртөг багасч байна. Ялангуяа салхи, нарны станцын өртөг маш их багасч байна.  Эрчим хүчний салбарын үнэ тарифын чөлөөлөлт, хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулаад ирвэл өртөг багасах боломжтой.

 Цаашлаад харвал, устөрөгчийн эрин үе ирнэ. Өнөөдөр хийсвэр түвшинд мэт харагдаж байгаа бол 20 жилийн дараа СЭХ-тэй адил бодит болно. Устөрөгчийг тээвэрлээд экспортолж, импортолно гэдэг арай эрт байна. Харин тухайн бүс нутагт нь үйлдвэрлээд, хэрэглэх концепц ид хөгжиж байна. Бид эх орондоо үйлдвэрлэж, улмаар үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж харагдаж байгаа.

 Түүнчлэн шинэ технологиуд гарч ирж байна. Нарны гэрлээр шууд эрчим хүч үйлдвэрлэхээс илүү нарны гэрлээр ямар нэг бодисыг халааж хайлуулах, тухайлбал, давсыг халааж хайлуулах замаар дулааны энерги гарган авч нөөцөлж, эрчим хүчинд ашиглах төслүүд ч хэрэгжиж байна.

 Та “Ньюком”-ын цаашдын 30 жилийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

 Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 жил болж байна. Бид улс орныхоо хөгжлийн суурийг чадахаараа тавилаа. Одоо өндөр технологи руу орох, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлээд цааш явах  боломжууд үүсч ирлээ. Дэлхий энэ боломжуудыг бий болгоод өглөө.

 “Ньюком”-ын хувьд өндөр технологийн хөгжлийн үндэс суурийг тавихын төлөө 30 жилийг зориуллаа. Одоо бодит ажил болгоод эрчимтэй хөгжүүлнэ. Гагцхүү эрх зүйн орчныг сайтар бүрдүүлээд, тодорхой болгох хэрэгтэй байна. Бидний мөрөөдөл биелдэг юм гэдгийг Салхит, Цэций станцын төслүүд бодитойгоор харууллаа. Одоо группийнхээ гол тулгуур СЭХ-ний бизнесээ улам хөгжүүлж, бүс нутаг, Ази руу тэлье хэмээн зорьж байна.  Эрчим хүчийг эдийн засгийн зүтгэх хүч, экспортын бүтээгдэхүүн болгоё гэж зорьж байна.  

 Эх орныхоо хөгжилд өндөр технологийн үйлдвэрээр хувь нэмэр оруулаад явна. 2030 он гэхэд бид өөрсдийн тэргүүлж буй салбартаа, бүс нутагтаа бизнес эрхэлж тэргүүлэх хэмжээнд явна гэсэн том амбицтай.

 Мөн Мобиком төсөл  дээрээ тулгуурлан дараагийн Мобиком шиг дижитал бизнесийг хөгжүүлэхээр судалгаагаа эхлүүлж, түншүүдтэйгээ харилцаж байна. Монголын оюун ухааныг дэлхийд экспортлох чиглэлд ажиллана. 2040 он гэхэд Ньюкомчууд зөвхөн бүс нутаг бус дэлхий рүү үйл ажиллагаагаа тэлнэ. 2050 онд дэлхий рүү гарсан сүлжээгээрээ эргээд одоо үйл ажиллагаа явуулж буй салбаруудаас гадна өөр салбарууд руу орно гэсэн алсын хараатай ажиллаж байна.

 “Ньюком” групп өнгөрсөн 30 жилд боловсон хүчин, менежерүүдийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг?

 Хүний нөөц манай үнэт зүйлс. Группийн зүгээс боловсон хүчиндээ хөрөнгө оруулалт байнга хийсээр ирсэн. Ньюком шинийг санаачилж,  шинэ технологи нэвтрүүлж, шинэ шийдэлтэй, шинэ арга барилаар ажилладаг болохоор манай ажилтнууд байнга суралцаж ажилладаг. Энэ нь хүний нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болдог. Бид дэлхийн хамгийн шилдэг, хүлээн зөвшөөрөгдсөн ур чадваруудыг нэвтрүүлсээр ирсэн. Цаашид хүний нөөцийг зөвхөн дотоодоос бус байж болох бүх л нөөцийг гадна, дотноос гэж харна. Өнгөрсөн 30 жилд ийм зарчим баримталж ирсэн, цаашдаа ч баримтална.

 “Ньюком” энэ хугацаанд гадаад, дотоодын олон захирал, мэргэжилтэнтэй хамтарч ажиллаж ирсэн. Удирдлагын түвшинд менежерээр ажиллаж байсан хүмүүс бүгд л тус тусын салбартаа сайн ажиллаж, зарим нь бизнес эрхлээд явж байнаТом мөрөөдөж, зөв зүйл хийвэл амжилтад хүрдэг. Монгол хүн эх орон, дэлхийн хөгжилд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж чаддаг юм байна гэсэн мэссэжийг “Ньюком” ажилтнууддаа өгдөг нь сайхан шүү.

 Та олон оронд ажиллаж амьдарсан хүн. Монгол хүний давуу болоод сул талыг хэрхэн дүгнэн хардаг вэ?

 Нүүдэлчин монголчуудад сул талууд бий. Нэгдэж нийлж, хамтарч ажиллаж чаддаггүй. Хоорондын холбоо харилцаа сул, бас төлөвлөж чаддаггүй. Монголчуудын энэ сул тал нөгөө талдаа боломж болдог. Монгол хүний бүр товойгоод гараад ирсэн давуу тал байна. “Изинис”-т ажиллаж байхад манай япон захирал их хэлдэг байсан. Бид нэг жилд өөр өөр төрлийн хоёр шинэ онгоц оруулж ирсэн юм. Бусад улсын авиакомпани нэг л онгоц оруулж ирэхэд 5-6 жилийг зарцуулдаг. Цоо шинэ онгоц оруулж ирэх нь худалдаж аваад болчих зүйл биш. Түүнийг тойрсон олон асуудлыг шийднэ. Тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, олон төрлийн сургалт, олон улсын олон байгууллагатай гэрээ хэлэлцээр хийж бичиг баримтын бүрдүүлэлт хийнэ. Онгоцоо очиж сонгоно, шалгана, авчирна. Ирэхээр нь ИНЕГ-тай хамтарч ажиллана.

 Энэ бүгдийг бид мэдэхгүй учраас болох л ёстой гээд дайраад ороод болгочихсон.  Япон захирал энэ бүхнийг харж, бидэнтэй хамт туулж гарчихаад “Та бүхэнд болдоггүй юм гэж байдаггүй юм байна” гэж билээ. Монголчууд  асуудал шийдэж чаддаг, хурдтай. Юмнаас айдаггүй. Зүйрлэвэл, монгол сумочид сумогийн дэвжээний ирмэг дээр ирчихээд дэнжигнэж байгаад ялчихдаг. Үүнтэй адил гэж билээ. Монгол хүн энэ эрс тэс уур амьсгалтай нутагтаа олон мянган жилээр байгальтайгаа зохицон амьдарч ирсэн болохоор чөлөөтэй сэтгэдэг, сэтгэлийн тэнхээ уян хатан чадвар сайтай, том юманд зоригтой сэтгэж, зүтгэж чаддаг, хийж чаддаг чадвартай.  

 Би Америкт нисэхийн сургуульд багшилж байхдаа шилдэг багшаар шалгарч байлаа. Эхэндээ гадаад багш гээд гаднын оюутнуудыг түлхүү өгдөг байсан бол сүүлдээ дотоодын, заримдаа арга ажиллагаа нилээд шаардагдах оюутнуудыг надад өгдөг болсон. Асуудлыг шийдэж чаддаг багш байна гэсэн хандлагаар ханддаг байж  билээ. Энэ нь миний сайнд ч биш байх, монгол хүн болохоороо арай задгай харж, болохгүй гэхээсээ болдог аргыг нь яаж олох вэ гээд үзсэнтэй холбоотой байх.

 

Эх сурвалж: Mongolian economy

 

Tags:
,