
18 Sep МҮХАҮТ-ийн дэргэд Эрчим хүчний зөвлөл байгуулагдлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын дэргэд Эрчим хүчний зөвлөл байгуулагдаж, есдүгээр сарын 14-ний өдөр анхны хуралдаанаа хийлээ. Тус зөвлөлийн хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн 68 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, салбарын ирээдүйн хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Энэхүү зөвлөл нь эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд, саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, тэдгээрийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой асуудлыг төр засгийн холбогдох байгууллагад илэрхийлэх, оновчтой шийдвэр гаргуулах, бодлогын үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, хамтран ажиллаж, туршлага солилцох, мэдээ мэдээллээ хоорондоо хуваалцах зорилгоор ажиллах юм.
Эрчим хүчний зөвлөлийн даргаар Ньюком группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг сонгогдсон бөгөөд тэрбээр хэлсэн үгэндээ “Салбарын тулгамдсан асуудал, түүний гарц, шийдлийг хамтдаа ярьж, хамтарч нэгдсэн эрх ашгаа хамгаалах гүүр нь Эрчим хүчний зөвлөл байх болно. МҮХАҮТ үүнд онцгой анхаарч байгаад талархалтай байна” хэмээн онцлов.
Энэхүү зөвлөл нь төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хамтын нэгдэл гэдгээрээ онцлог юм.