[Mongolian Economy] ЭРЧИМ ХҮЧНИЙ “ГАЛАВ ЮҮЛЭХ” ЦАГААР

Б.ЦЭЦЭН


Олон улс тэр дундаа хөгжиж буй орнуудын эрчим хүчний салбарт ойрын жилүүдэд эргэлт гарч, байгалийн сэргэх чадвараар эрчим хүчний салбараа “цэнэглэж” байна. Өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхий нийт 244 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус салбарын хүчин чадал нэмэгдэх тусам нарнаас гаргаж авах эрчим хүчний үнэ 30- 40 хувь буурч буйг харуулж байгаа. 2007 оноос хойших сэргээгдэх эрчим хүчний салбарын өсөлтийг задалбал хөгжингүй орнууд хөгжиж буй улсуудаас даруй 2.5 дахин их хөрөнгө зарцуулжээ. “Bloomberg New Energy Finance” -ын захирал Майкп Либрих “ Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт гурав дахь жилдээ 200 сая ам.доллараас даван, хөгжиж буй орнууд хүч түрж, үнийн өрсөлдөх чадвар сайжирч байна. Гэвч нүүрс хүчлийн хорт хаягдал өсөх хандлагатай байна. Өнгөрсөн онд хатуу түлшний салбарт нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт урсан орсон байна” хэмээжээ.


Сэргээгдэх эрчим хүчний дэлхий нийтийн чадал өнгөрсөн онд өмнөх оныхоос 8%-аар нэмэгдэж 1.470 гегават болсон бөгөөд үүн дотроо салхи 39 хувиар хамгийн өндөр байгаа бол ус, нар араас нь орж буй. Гэсэн ч Монгол Улсад зохион байгуулсан Ногоон хегжлийн үндэсний чуулган дээр танилцуулсан хоёр томоохон тайланд сэргээгдэх эрчим хүчний салбарын гол асуудлыг хөгжингүй орнууд дахь тус салбарыг чиглэсэн бодлогын тогтворгүй байдал, үүнээс үүдсэн хөрөнгө оруулалтын бууралт гэдгийг онцолсон байна. Учир нь өнгөрсөн жил АНУ болон Европын зах зээл дээр нарны эрчим хүчний үнэ суларснаас үүдэн дэлхий нийтийн энэ салбар дахь хөрөнгө оруулалт өмнөх жилээс 12 хувиар буурчээ.


Сэргээгдэх эрчим хүчний бодлого барин ажиллаж буй нийт 138 орны гуравны хоёр нь “хөгжиж буй” гэсэн тодотголтой. Тэргүүнд нь манай урд хөрш цойлж явна. Өнгөрсөн онд тус улс сэргээгдэх эрчим хүчний салбарын “од тоглогчийн” байр сууриа тодотгож нийт хөрөнгө оруулалтаа 22 хувиар нэмэгдүүлж 67 тэрбум ам.доллар болгожээ. Их өсөлтөө байгаль орчин хэмээх өндөр үнээр олж авсан гэгддэг Хятад улс хүч түрэн орж ирж буй нь шавхагдаж буй баялаг, байгальтай нь холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Нарны эрчим хүчний төслүүдэд нэлээд хүч хөрөнгө хаяж эхэлсэн нь дээрх өсөлтийг ч хөшүүргэджээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт огцом тодорч буй бусад тоглогчид Өмнөд Африк, Морокко, Мексик, Чили, Кени багтаж байна. Мөн Ойрхи Дорнод, Африк тив өнгөрсөн жил хөрөнгө оруулалтаа 228 хувиар өсгөж 12 тэрбум ам.доллар болгосон нь бүсийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт аж.


Харин Сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн 2011 оны аварга АНУ хөрөнгө оруулалтаа эсрэгээр нь 34 хувиар бууруулж, 36 тэрбум ам.доллар болгожээ. Үүнийг зах зээлийн мэргэжилтнүүд АНУ-ын улс төрийн бодлогын тодорхойгүй байдалтай холбон тайлбарлаж байна. Хөрөнгө оруулалт бууралттай орнуудад Итали, Испани мөн оржээ. Харин Герман улс өнгөрсөн онд нарны эрчим хүчний чадлаа 7.6 гегаваттаар нэмсэн нь дэлхийд шинээр нэмэгдсэн нийт сэргээгдэх эрчим хүчний 27 хувь аж. Гэсэн ч улсын хэмжээнд нийт сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт 35 хувиар буурч 20 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь нарны эрчим хүчний үнэ буурч, салхины эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт багасч байгаатай холбоотой юм.


Хөгжингүй орнуудаас ирж буй сайн мэдээллийн нэг нь Японы хүчтэй бодлого юм. Тус улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 73 хувиар нэмэгдэж, 16 тэрбум болжээ. Тус улсын Засгийн газраас уг салбар дахь бүтээн байгууллалтыг дэмжиж, үнэ тариф дээр татаас олгохоор болсон нь салхины эрчим хүчний жижиг төслүүд олноор хэрэгжихэд нөлөөлжээ. Нэгдсэн үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Артурос Зервос “2012 он бол сэргээгдэх эрчим хүчний хувьд бас нэгэн тэмдэглэлт он байлаа. Дэлхийн 138 орон тус салбарыг тусгайлан авч үзсэн бодлого зохицуулалттай болсон байна. Энэ нь улс төрийн хүсэл зориг хамгийн их хэрэгтэйг харуулж байна” хэмээжээ.


Хэдийгээр 2012 онд дэлхийн хэмжээнд бодлогын дэмжлэг буурсан ч    орон нутгийн засаг захиргааны зүгээс эрх мэдлийнхээ хүрээнд зохицуулалт хийж, төслүүдийн санхүүжилтий хялбарчлах, мэдээллээр хангах, сурталчлах зэрэг зүтгэл ихээхэн дээшилсэн байна. Дэлхийн дулаарлыг сааруулах, С02-ыг 20 хүртэлх хувиар багасгах зорилготой эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрт Европын холбооны 1116 хот, суурин газрын дарга нар шинээр нэгдэж, өнгөрсөн жил гарын үсгээ зуржээ. Мөн энэ салбарт ажиллах иргэдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж буйг мэргэжилтнүүд сайшааж байна. Өнгөрсөн жилийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний салбарт шууд ба шууд бусаар нийт 5.7 сая хүн ажилласныг тогтоожээ.


Дэлхий ертөнц өнөөдөр шавхагдах хатуу баялгийнхаа үүцийг хаах цаг ойртож байгаа нь олон улсыг сэргээгдэх баялагт хошуурахад хүргэж буй. Энэ нь ч сэргээгдэх эрчим хүчний “галав юүлж” буйг харуулж байна.

 

mongolianeconomy.mn