[Bloomberg TV Mongolia] Б.Үнэнбат: V дулааны цахилгаан станцын нийт өртгийн 80-85 хувийг нь босгочихсон

Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас 2011 онд V цахилгаан станцыг бариулах тендер зарлаж байсан. Харин яамны ажлын хэсгийн дүгнэлтээр Францын “GDF Suez”, Японы “Sojitz”, Өмнөд Солонгосын “Posco Energy”, Монголын “Newcom" группын хамтарсан “International Power” консорциум тендерт ялжээ. Харин төслийн нийт өртөг нь 1.2 тэрбум ам.доллар бөгөөд тус зардлыг “International Power” консорциумаас гаргах ажээ. V цахилгаан станцын ажлыг ирэх оны долдугаар сарын 1-нээс эхлүүлж, 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Төслийн хэрэгжилт болон цаашдын ач холбогдлын талаар “Newcom” группын гүйцэтгэх захирал Б.Үнэнбаттай ярилцлаа.

-Шинээр баригдаж байгаа V дулааны цахилгаан станцын хувьд, бусад станцаас ялгарах давуу тал, онцлог нь юу вэ?

-Бусад эх үүсвэрээс юугаараа онцлогтой вэ гэвэл, 30 жилийн дараа баригдаж буй шинэ технологи юм. Энэ шинэ технологи нь өмнө барьсан III, IV цахилгаан станцуудтай харьцуулахад бараг гурав, дөрөв дахь үеийн шинэ технологи нэвтэрч байгаа учраас ашиглаж байгаа нүүрсний зарцуулалт нь харьцангуй нь бага байна. Тухайлбал нүүрсний онцлогоос хамаарч, аль уурхайн нүүрс ашиглалтад орж, алийг нь ашиглаж болохгүй вэ гэсэн ялгаа зааг байхгүй. Мөн цахилгааны өртөг бага байх бүрэн бололцоотой.

-Дулааны цахилгаан станцын сүлжээнд холбогдох гол ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Хамгийн гол давуу тал нь дулаан цахилгааны хамтарсан, хосолсон цахилгаан станц. Өнөөдөр Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эх үүсвэр ямар хэмжээний хомсдолтой болж байгаа билээ. Дулаан, цахилгааны хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрээд байна шүү дээ. Үүнээс гадна 40 мянга, 100 мянган айлын орон сууц гээд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тиймээс энэ бүх асуудлыг нэг дор, бүрэн цогцоор нь шийдэх бололцоотой төсөл гэж нэг талаас дүгнэж байгаа юм. Сүлжээнд холбогдсонооор хөгжил, дэвшлийн асуудал давхар яригдана. Өөрөөр хэлбэл хөгжил, дэвшлийн гол хөшүүргийнх нь нэг болно гэсэн үг. Өмнө нь яригдаж байсан дан дулааны цахилгаан станц эсвэл уурхай дээр баригдах цахилгаан станц бол зөвхөн нэг талыг нь шийднэ. Харин хосоор нь шийдсэнээр цахилгааны өртөг багасах бүрэн бололцоотой юм.

-Шинэ технологид суурилагдана гэдэг утгаараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь эерэг байх болов уу?

-Эргэлтэд буцламтгай шахалтад зуух гэдэг технологи нэвтэрч байгаа юм. Энэ технологийн хувьд, нүүрс болон усны хэрэглээ нь харьцангуй бага түвшинд байх юм. Тухайлбал усны хэрэглээ нь III цахилгаан станцтай харьцуулахад зургаа дахин бага байх жишээтэй. Харин нүүрсний хувьд бараг 30 хувиар бага үзүүлэлт гарч байгаа юм. Яагаад гэвэл Шивээ-Овоо, Багануурын нүүрсний аль алийг нь зэрэг ашиглах бүрэн боломжтой.

-Төслийн нийт өртгийн хэмжээ нь 1.2 тэрбум ам.доллар юм байна. Тэгэхээр шаардлагатай санхүүжилтээ хэрхэн босгож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар албан бус, харилцан ойлголцлын хүрээнд 950 сая орчим ам.долларыг бид босгочихоод байна. 950 сая ам.долларын зээлийн эх үүсвэр гэсэн үг шүү дээ. Төслийн нийт өртөг нь 1.2 тэрбум ам.доллар байгаа. Тэгэхээр 80-85 хувийг нь босгосон гэсэн үг. Үлдсэн хувийг нь хөрөнгө оруулагчид эх үүсвэр хэлбэрээр байршуулах ёстой. Үүнээс гадна консорциумын дөрвөн компаниа дурдах нь зүйтэй байх. Учир нь манай консорциумыг бүрдүүлж байгаа дөрвөн компани санхүүжилтээ яаж босгох вэ, хэрхэн хувь нэмэртэй оролцох вэ гэдэг талаас нэлээн нухацтай ярилцаж, санал бодол нэгдсэний үндсэн дээр консорциумаа байгуулсан. “GDF Suez” нь дэлхийд 100 мянга гаруй мегаваттын цахилгаан станц ажиллуулж байгаа маш туршлагатай компани. Тус компани нь “Sojitz” хэмээх Японы корпорацитай нийлээд, энэ нөхцлийн дагуу санхүүжилт босгон өөр бусад оронд цахилгаан станц барьж буй арвин туршлагатай. Консорциумын гишүүд газар, газрын онцлогоо нэвтрүүлэх боломжтой байна. Тухайлбал “Posco Energy” компани Солонгосын экспорт, импортын хөрөнгө оруулалтын хөгжлийн банкыг оруулж ирэх бүрэн бололцоотой. “Newcom” компанийн хувьд, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Хоёр сарын өмнө Монголын анхны салхин цахилгаан станцыг нэвтрүүллээ.

-Хөрөнгө оруулалтын зардлаа хэдэн жилийн дотор нөхөх тооцоотой байгаа вэ?

-Энэ төсөл маань концессийн гэрээгээр 25 жилийн настай. Манай улсад ажиллаж байгаа цахилгаан станцуудаас хамгийн залуу нь 30 жилийн настай байхад, хамгийн настай нь 52 жилийн насжилттай байгаа юм. Тэгэхээр цаашдаа олон жил ажиллах бүрэн боломжтой гэж тооцоолж байна. Манай төслийг 25 жил ашиглаад, улсад хүлээлгэж өгнө гэсэн нөхцөлтэй байгаа юм.

-V дулааны цахилгаан станцын барилгын ажилд ойролцоогоор хэдэн хүн ажиллах вэ?

-4000-5000 Монгол ажилчин барилгын явцад ажиллана гэсэн тооцоо бий. Харин цаашдаа станцыг ашиглалтад оруулснаар 300 орчим Монгол ажилчин тогтмол ажилтай байх судалгаа гарсан.

Э.Нарантунгалаг

 

www.bloombergtv.mn