[shuud.mn] Салхитын салхин сэнснүүд амилж байна

Монголын уул талд аварга том салхин сэнснүүд босч байна. Энэ бол “Ньюком” группийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхит гэдэг  газар барьж эхэлсэн Монголын анхны салхин цахилгаан станцын салхин парк юм. Энд салхины дундаж хурд жилийн дөрвөн улиралд 8-2 м/с байдгийг бодвол үнэхээр нэрэндээ тохирсон газар бололтой. Биднийг төслийн гэрт сууж байхад өрхний оосор тасралтгүй дэрвэж байв. Саахалтын зайтай толгодын орой дээр 40,3 метр урт гурван далбаа бүхий 80 метрийн өндөр ган шон дээр нийт 31 салхин цахилгаан үүсгүүр буюу сэнс босч байна. Ийнхүү Монголын үнэртэй салхи дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийн тал хувийг үйлдвэрлэх боломжтой гээд бодохоор “Клин энержи”” ХХК-ийн залуусын бүтээн байгуулалтын ажил шинэ зууны гайхамшгийн нэгэн эхлэлийг яах аргагүй тавьжээ.

Манай орны ууган салхин цахилгаан станцыг барьж буй “Клин энержи” компанийг 2004 онд “Ньюком” группээс салхины нөөцийн судалгаа хийхээр анх байгуулсан. Тус компанид “Ньюком”-оос гадна АНУ-ын “Женерал Электрик Пасифик” компани, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, Нидерландын Хөгжлийн банк 120 сая ам. долларын хөрөнгө оруулж, 50 МВт-ын хүчин чадалтай энэхүү станцыг барьж эхэлсэн юм. Энэ оны сүүлчээр ашиглалтад орж, төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 168.5 сая кВт/ц цахилгаан нийлүүлнэ гэдэг нь 100 мянган айлыг илч гэрлээр элбэг хангана гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Салхитад эхний гурван сэнс босч, зургаан цахилгаан үүсгүүрийн суурийг цутгаж байна. 900 тн-ын бетонон суурийг цутгахад есөн давхар барилгын каркаас босгохуйц зуурмаг, 30 тн арматурын төмөр ордог. Уг төмрийг Латвиас авчирчээ. Гурван хэсгээс бүрдэх 80 м ган шонг босгоход 650 тн ачаа өргөх чадалтай хөдөлгөөнт кран ажиллаж байна. Шонгийн орой дээр 57 тн жинтэй их бие, 23 тн-ын бул байрлуулжээ. Мөн 40.3 м урттай 6.2 тн жинтэй гурван далбаа угсарна гээд бодохоор ямар нүсэр ажил болох нь ойлгомжтой. Эдгээр далбааг хэзээ босгохыг краны машинист, тэр өдрийн тэнгэр хоёр л мэднэ.

Салхитын хөндийд ийм том бүтээн байгуулалт чимээгүйхэн өрнөж буйг салхинаас өөр хов зөөх юм алга. “Ньюком” корпорацийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан 2008 онд Нью-Йоркт анх салхин цахилгаан станц байгуулах санаагаа Америкийн бизнесменүүдтэй хуваалцаж явснаа нуусангүй. Эднийхэн өмнө нь Японы “Сумитомо”, КДДАй компанитай хамтран үүрэн телефоны анхны оператор “Мобиком”, иргэний агаарын тээврийн орон нутгийн нислэгт анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцоор үйлчилдэг “Eznis” компани байгуулсан юм. Тэдний “Ньюкомчууд бид салбартаа анхдагч нь байдаг” гэсэн уриа ч үүнийг нотолдог. 1993 онд гал голомтоо асаасан тус групп үндэсний томоохон хөрөнгө оруулагч бөгөөд дэд бүтэц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, иргэний агаарын тээвэр, санхүүгийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн түрээс, борлуулалт зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг 17 охин болон хараат компанитай. Энэ өнөр бүлд эрдэм мэдлэгтэй, эрч хүчтэй 2200 ажилтан ажилладаг нь өөдлөн дэвжихийн барагдашгүй ундарга болдог байна. 2009 оноос “Clean Energy” ХХК “Салхит” төслийг хэрэгжүүлж, мөн 2011 онд “Ньюком”-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай их говийн бүтээн байгуулалтыг цэвэр технологи, дэвшилтэт техникээр хангах “New Gobi rentals” өрхөө татжээ.

“Салхит” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Лейтон Монгол” компани ажиллаж байна. Одоо станцын удирдлагын байрыг канад технологиор эхэлж, цахилгаан үүсгүүрүүдээс ирэх эрчим хүчийг хүлээн авч өсгөх дэд станцын барилгыг барьж байна. Өмнө нь 110 кВ-ын агаарын дамжуулах шугам татаж, 32 км сайжруулсан шороон зам тавьжээ. Мөн Налайхад 110/35 кВ-ын хоёр дэд станц барьж байгаа. Манай улсын эрчим хүчний таван хувийг хангах энэ станц сүүлийн 30 жилийн дотор ашиглалтад орж байгаа хамгийн том цахилгаан станц болох юм. 500 хүнийг ажлын байраар хангах ба ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутнуудаас тэтгэлгээр сургаж, зарим нь ажилдаа оржээ.

1984 онд ашиглалтад орсон Улаанбаатарын IV цахилгаан станцаас хойш Тайширын УЦС, Ухаахудагийн ДЦС-ыг эс тооцвол манай улсын тулганы гал хэдийнэ цогшиж эхлээд байлаа. Хүрэл зэвсгийн үеэс салхины хүчээр “бух дарж” хүдэр хайлуулж явсан монголчууд удахгүй хойд, урд хоёр хөршдөө ч цахилгаан эрчим хүч илүүчлэх сайхан боломж нээгдэх цаг ирэх буйзаа. Ер нь эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлээс 100 хувийн хөрөнгө оруулж, бие даан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулах эх үндсийг тавихад 2007 оны Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль яах аргагүй эрх зүйн орчны гол цөм нь болж байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудалд газардах олон хэлийн хүмүүсийн анхаарлыг Салхитын аварга цахилгаан сэнснүүд эрхгүй татна. Сүр бараагаараа Цонжинболдог дахь их Чингис хааны морьт хөшөөний адил алсаас харагдана. Төслийн менежер Ч.Бурмаа дотоод, гадаадын жуулчдад зориулсан алсын бараа харах салхин сэнс шиг цамхаг барих бодол ч бий хэмээсэн нь бас  учиртай. Үнэхээр ч Монголын уул толгодын оройгоос савдгийн салхийг урин дуудах эдгээр сэнс дэлхийд дунд гарын зиндаанд багтах төхөөрөмж ажээ. Салхин парк нь дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг тэмцэх үр дүнтэй арга хэрэгслүүдийн нэг төдийгүй ХБНГУ-ын Салхины эрчим хүчний судалгаагаар бол “Салхин паркийн үйл ажиллагаа нь түүний эргэн тойронд байгаа тариалангийн ба бэлчээрийн ургамал, микро организмд ямар нэгэн сөрөг нөлөөгүй” юм байна. Байгаль орчныг бохирдуулах элдэв бодис, хүлэмжийн хий ялгаруулдаггүй.

Х.Ариунбаатар

 

shuud.mn